Гудамжинд нэг л дотно, уянгалаг хос хоолой эгшиглэнэ. Гудамжинд тэр болгон сонсоод байхааргүй гайхалтай сайхан аялгуу байлаа. Хоолойнд нь насны сөөнгө тогтсон боловч бусдыг уярааж, сэтгэлд нь хүрч чадах тэр л дуу хоолой яг л залуугаараа мэт...
Хэн юм болоо хэмээн сонирхон ажваас 70 шүргэж яваа болов уу гэмээр 2 хөгшин, өвгөн нь баян хөгжим тоглож, эмгэн нь хоолой хоршин дуулна.. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс 200, 300төгрөг хандивлаж, зарим нэг нь дээгүүр харан ихэмсэг өнгөрнө.. Улаанбаатар хотын байдаг л нэг дүр зураг.. Гэвч энэ арай л өөр. Арай л өөр гэсний учир нь эмгэний гарт, зүүн гарын ядам хуруунд энгийн мөнгөн бөгж нарны гэрэлд гялтагнан эмгэн үе үе бөгж рүүгээ харан өвгөнийхөө зүг халуун дулаанаар ширтэх нь сэтгэлд нэг л дотно... Өвгөн эмгэн рүүгээ бас л дулаахан харцаар энхрийлэн харна.. Эмгэндээ энэнээс илүү сайхан бөгж авч өгөх байсан юм гэж дотроо харуусан бодож байгаа болов уу гэж би таалаа..
"Ай хөөрхий Жинжиймаа" эмгэний хоолой нэг л тааламжтай...
Өвгөн хажуудаа байх цүнхээ уудлан хоёр зүсэм талх жоохон хиам гаргаж ирлээ. Нэгийг нь эмгэндээ, харин нөгөөхийг нь өөрөө идэх болов уу гэтэл хажууд нь сүүлээ гозогнуулан хөдөлгөх жаахан гөлөгт өглөө. "Сургууль руугаа явах болжээ"
Жаварлаг атлаа бүүдгэр нар ээсэн өдөр дуусч, салхи сэвэлзэн нэг л жихүүн бүрэнхий болсон байлаа. Нөгөө хоёр хөгшинийг байгаа болов уу гэтэл байсангүй. Бие биенээ түшин гэрийнхээ зүг алхцгаасан байхдаа.. Гэр нь хаана байдаг юм бол. Одоо хүйтэрч байгаа болохоор даарч байгаа байх даа. Даараагүй л байгаасай, тэр хоёр хосоороо бие биедээ тийм их хайртай юм чинь даарахгүй л байх, харин тэр гөлөг...
Ер нь хүн гэдэг хичнээн ядуу байлаа ч бие биенээ үнэнчээр хайрлж, бие биедээ дэм болон амьдарна гэдэг жинхэнэ баялаг мэт... Хичнээн ядуу байлаа ч өөр бусдыг өөр шигээ санаж хайрлана гэдэг жинхэнэ ухаан юм шиг ээ..
No comments:
Post a Comment